Нэгдсэн портал cистем

Баннер

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

Баннер

Эвлэрүүлэн зуучлалын хууль

Баннер

Хуулийн нэгдсэн сан

Баннер

Иргэдэд зориулсан мэдээлэл

Сургалт, судалгаа

Зөвлөмж

Баннер
Эрхэм хэрэглэгч Та манай сайтыг алдаагүй зөв үзье гэвэл Mozilla Firefox тохиромжтой. Хэрвээ татаж авах бол дээрх зурган дээр дарна уу.

Цаг агаар

Хэрэглэгчийн булан



Валютын ханш




Эрүүгийн хэргийн хөдөлгөөний стандарт PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 6-р сарын 10, Пүрэв гариг, 07:03

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Журмын зорилт

1.1.1. Энэ журмын зорилт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд /цаашид “ЭБШХууль” гэх/ заасны дагуу шүүхэд хэрэг хүлээн авах, шүүх хуралдаанд бэлтгэх, шүүх хуралдааныг явуулах, хэргийг хянан шийдвэрлэсний дараа хийгдэх ажиллагааг шүүгч, ажилтнууд ямар хугацаанд, хэрхэн гүйцэтгэх тухай нэгдсэн стандартыг тогтоож, уг ажиллагаанд тавих хяналтыг зохион байгуулахад оршино.

1.2. Эрүүгийн хэргийн хөдөлгөөний стандартын тухай хууль тогтоомж

1.2.1 Уг журам нь Шүүхийн тухай хууль, ЭБШХууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

1.2.2. Шүүгч эрүүгийн хэргийн хөдөлгөөнийг манлайлан удирдана.

Хоёр. Хэрэг хүлээн авах ажиллагаа

2.1. Хэргийг хүлээн авах

2.1.1. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах ажлын бүх өдрүүдэд, ажлын цагт, ямар нэгэн хязгаарлалт тогтоолгүйгээр хүлээн авч бүртгэнэ.

2.1.2. Хэргийг хүлээн авахдаа дараах зүйлүүдийг шалгана.

а/ Тухайн холбогдогчийн баримт бичгийг шүүхэд ирүүлсэн эсэх, баримт бичиггүй бол энэ талаар архивын лавлагаа байгаа эсэх;

б/ Ял шийтгэлийн тэмдэглэлийн зохих хэсгийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор хөтөлж, гарын үсэг зурсан эсэх;

в/ Урьд ял шийтгэлтэй эсэхийг тодорхойлсон лавлагаа байгаа эсэх;

г/ Холбогдогчийн хувийн байдлыг тодорхойлсон зурагтай анкет байгаа эсэх;

д/Хавтаст хэрэг эмх цэгцтэй үдэгдэж, хавтас, хуудасны тоо зөв дугаарлагдсан эсэх /харандаагаар дугаарлахгүй бөгөөд дугаарлалтад засвар орсон бол тэр талаар тэмдэглэл үйлдэгдсэн эсэх/;

е/ Яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт нь яллагдагч тус бүрийн тоогоор байгаа эсэх;

ж/ Эд мөрийн баримт нь тоо хэмжээ, бусад байдлаараа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд эд мөрийн баримтаар хураасан эд зүйлсийн тэмдэглэлтэй тохирч байгаа эсэх, эд мөрийн баримтыг шүүхэд ирүүлээгүй бол хаана хадгалж буйг тодруулах;

з/ Таслан сэргийлэх арга хэмжээ авсан эсэх. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бол түүний хугацаа дуусаагүй байгаа эсэх;

и/ Эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бол уг барьцааг хэрхсэн;

к/ Оршин суугаа газраасаа гарч явж болохгүй тухай баталгаа гаргуулсан эсхүл батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол яллагдагчийг шүүхэд ирүүлсэн эсэх;

л/ Яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтийн хавсралтад заасан зүйлүүдийг нягтлах.

2.1.3. Ерөнхий шүүгчийн туслах хэргийг хүлээн авсан дарааллаар бүртгэн /бүр.¹1/, энэ тухай мэдээллийг бүртгэлийн программд бүрэн, зөв оруулна.

2.1.4. Энэ журмын 2.1.2-т заасан зүйлүүдийн аль нэг нь дутуу эсхүл алдаа, зөрчилтэй байвал нөхөн гүйцэтгүүлэхээр хэргийг прокурорт буцаана.

2.1.5. Хэргийн хавтас, хуудасны тоо, хүлээн авсан огноо, цаг, минут, бүртгэлийн дугаарыг Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс баталсан журмын дагуу хэргийн хавтасны арын нүүрний зүүн доод буланд дардас дарж баталгаажуулна.

2.2. Хэргийг шүүгчид хуваарилах

2.2.1. Хүлээн авсан эрүүгийн хэргийг Ерөнхий шүүгчийн туслах мөн өдрийн ажлын цагт багтаан Ерөнхий шүүгчид танилцуулах бөгөөд Ерөнхий шүүгч хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилох тухай захирамжийг /бар.¹1,бар.¹2/ нэн даруй гаргана.

2.2.2. Энэ журмын 2.2.1-д заасан захирамжийг гармагц Ерөнхий шүүгчийн туслах тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүгчид ажлын 1 хоногийн дотор хүлээлгэн өгч, энэ тухай бүртгэл /бүр.¹1/ хөтлөнө.

Гурав. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаа

3.1. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх

3.1.1. Хэрэг шүүхэд ирснээс хойш 15 хоногийн дотор шүүгч уншиж танилцаад:

а/ Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх;

б/ Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг прокурорт буцаах;

в/ Хэргийг түдгэлзүүлэх;

г/ Хэргийг харъяалах шүүхэд шилжүүлэх тухай асуудлын аль нэгийг шийдвэрлэж энэ тухай захирамж гаргана.

3.1.2. Энэ журмын 3.1.1-д заасан хугацаанд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй бол тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар /бар.¹3/ хугацааг сунгаж болно.

3.1.3. Яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх буюу хүчингүй болгох эсэх тухай асуудлыг шүүгч хэргийг хүлээн авсан өдөртөө шийдвэрлэх бөгөөд ЭБШХуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан таслан сэргийлэх арга хэмжээнээс аль нэгийг сонгоно.

3.1.4. Шүүгчийн даалгаснаар шүүгчийн туслах оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгааг /бар.¹4/ яллагдагчаас бичгээр гаргуулж авна.

3.1.5. Шүүгчийн даалгаснаар түүний туслах ЭБШХуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан шаардлагыг хангасан 2-оос доошгүй иргэнээр батлан даалт /бар.¹5/ гаргуулж, хүлээх үүрэг, хариуцлагыг тэдгээрт тайлбарлан өгнө.

3.1.6. Эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгч захирамж гаргана. Шүүгчийн туслах барьцаа өгөгч болон таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж байгаа этгээдэд захирамжийг танилцуулж, энэ тухай баримт /бар.¹16/ үйлдэнэ. Мөн тэрээр эд хөрөнгө барьцаалсан тухай баримт /бар.¹6/ үйлдэж, хуулбарыг барьцаа өгөгч болон таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж байгаа этгээдэд гардуулна. Үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө /бүх төрлийн тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж г.м/ барьцаалсан тохиолдолд шүүгчийн захирамжийг холбогдох байгууллагад нь шүүгчийн туслах албан бичгээр хүргүүлж, хувийг хэрэгт хавсаргана.

3.1.7. Цэргийн албан хаагчийг цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулахаар өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг түүний туслах цэргийн ангийн удирдлагад танилцуулж, энэ тухай баримт /бар.¹7/ үйлдэнэ.

3.1.8. Шүүгч захирамж гарган цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах бөгөөд шүүгчийн туслах захирамжийн хувийг холбогдогчийн хамт шүүхийн хуягт хүлээлгэн өгч, энэ тухай бүртгэлд /бүр. ¹7/ тэмдэглүүлнэ.

3.1.9. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх шатанд түүнийг хорьж мөрдөх хугацаа дуусвал тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар /бар.¹8/ шаардагдах хугацаагаар сунгаж болно. Уг захирамжийг тухайн хэргийг хянан шийдвэрлэх гэж байгаа шүүгчийн туслах шүүхийн хуягт хүлээлгэн өгч, энэ тухай бүртгэлд / бүр.¹7/ тэмдэглүүлнэ.

3.1.10. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд ЭБШХуульд заасан байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг бүрэн хангасан, шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болох зүйл байхгүй гэж шүүгч үзвэл яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай захирамж /бар.¹9/ гаргаж, шүүх хуралдааны товыг зарлана. Уг захирамжид:

а/ Шүүх хуралдааныг хэзээ, хаана хийх;

б/ Хэргийг шүүгч дангаар эсхүл хамтран шийдвэрлэх эсэх;

в/ Шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцох эсэх;

г/ Шүүх хуралдаанд бусад этгээдийг оролцуулах эсэх;

д/ Шүүх хуралдааныг хаалттай хийх эсэх;

е/ Яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтийн хуулбарыг хэдийд гардуулах;

ж/ Яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээний тухай тус тус заана.

Энэ захирамж гарсны дараа тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс баталсан журмын дагуу хэргийг индексжүүлж, бүртгэлийн программд мэдээллийг бүрэн, зөв оруулна.

3.1.11. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай захирамж гаргахдаа шүүгч ЭБШХуулийн 226 дугаар зүйлд заасан нөхцөл байдал байгаа эсэхийг заавал тодруулна.

3.1.12. Хуульд зааснаар шүүгч дангаар хянан шийдвэрлэх хэрэг ээдрээ төвөгтэйн улмаас шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэх шаардлагатай гэж үзвэл шүүгч энэ тухай саналаа гарган тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх бүрэлдэхүүнийг томилж болно. Уг захирамжийг шүүгчийн туслах шүүх бүрэлдэхүүнд томилогдсон шүүгч болон хэргийг оролцогчдод танилцуулж, энэ тухай баримт /бар.¹16/ үйлдэнэ.

3.1.13. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх үед таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, иргэний нэхэмжлэл хангах арга хэмжээ авах болон бусад асуудлаар улсын яллагч, яллагдагч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгчдөөс гаргасан хүсэлтийг Ерөнхий шүүгчийн туслах хүлээн авч, бүртгэн /бүр.¹2/ дардас дарж, ирсэн огноо, цаг, минутыг баталгаажуулж, тухайн хэргийг хянан шийдвэрлэх гэж буй шүүгчид бүртгэлээр /бүр.¹2/ хүлээлгэн өгнө.

3.1.14. Шүүгч хүсэлтийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор хянан шийдвэрлэж, захирамж гаргана. Уг захирамжийг шүүгчийн туслах хүсэлт гаргагч болон хэргийн оролцогчдод танилцуулж, энэ тухай баримт /бар.¹16/ үйлдэнэ.

3.2. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг прокурорт буцаах

3.2.1 Хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан захирамжийг шүүгч ёсчилмогц, шүүгчийн туслах түүнийг прокурорт гардуулж, энэ тухай баримт /бар.¹16/ үйлдэнэ.

3.2.2. ЭБШХуулийн 230 дугаар зүйлийн 230.2.-т заасан хугацаанд прокурор эсэргүүцэл бичээгүй тохиолдолд шүүгчийн туслах бүртгэлийн программд холбогдох тэмдэглэлийг хийж, хэргийг эмхэтгэн, Ерөнхий шүүгчийн туслахад хүлээлгэн өгнө.

3.2.3. Хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамжинд прокурор эсэргүүцэл бичсэн бол Ерөнхий шүүгчийн туслах хүлээн авч, бүртгэн /бүр.¹2/, дардас дарж, ирсэн огноо, цаг, минутыг баталгаажуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгчид хүлээлгэн өгнө.

3.2.4. Прокурорын бичсэн эсэргүүцлийг шүүгчийн туслах хэргийн оролцогчидод танилцуулж, энэ тухай баримт /бар.¹22/ үйлдэнэ. Мөн тэрээр эсэргүүцлийн талаар тайлбар гаргах эрхтэйг хэргийн бусад оролцогчдод танилцуулна.

3.2.5. Шүүгчийн туслах прокурорын бичсэн эсэргүүцэл, хэргийн бусад оролцогчдоос ирүүлсэн тайлбарыг хэрэгт хавсарган, хэргийг эмхэтгэн Ерөнхий шүүгчийн туслахад хүлээлгэн өгнө.

3.2.6. Хэргийг прокурорт, эсхүл давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх талаарх тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн албан бичигт яллагдагчийн нэр, шүүгчийн захирамжийн огноо, дугаар, хэргийн хавтас, хуудасны тоо, эд мөрийн баримт зэргийг тодорхой дурдана.

3.3. Хэргийг түдгэлзүүлэх

3.3.1 Тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа, тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хууль нь Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхийг тогтоолгохоор тухайн шүүхээс Улсын дээд шүүхэд хандсан, тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хууль нь Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхийг тогтоолгохоор Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд хандсан, яллагдагч сэтгэцийн болон бусад хүнд өвчний улмаас хүрэлцэн ирж чадахгүй болох нь шинжээчийн дүгнэлт, эмнэлгийн байгууллагын тодорхойлолтоор нотлогдсон бол шүүгч захирамж гаргаж хэргийг түдгэлзүүлнэ. Уг захирамжийг шүүгчийн туслах хэргийн оролцогчдод танилцуулж, энэ тухай баримт /бар.¹16/ үйлдэнэ.

3.3.2. Хэргийг түдгэлзүүлсэн тохиолдол арилсан бол шүүгч захирамж гарган хэргийг сэргээх ба уг захирамжийг шүүгчийн туслах хэргийн оролцогчдод 3 хоногийн дотор танилцуулж, энэ тухай баримт /бар.¹16/ үйлдэнэ.

3.3.3. Яллагдагч оргон зайлсан нь тогтоогдвол шүүгч Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлд заасан ялыг нэмж сонсгуулахаар хэргийг прокурорт буцаах тухай захирамж гаргана. Шүүгчийн туслах захирамж гарсан өдөрт нь хэргийг прокурорт хүргүүлэх бөгөөд ингэхдээ энэ журмын 3.2.2, 3.2.6-д заасныг баримтлана

3.4. Хэргийг харъяалах шүүхэд шилжүүлэх

3.4.1 Хэрэг тухайн шүүхэд харъяалагдахгүй байвал харъяалах шүүхэд нь шилжүүлэх тухай захирамжийг шүүгч гаргана.

3.4.2 Шүүгчийн захирамж гарсан өдөр нь шүүгчийн туслах бүртгэлийн программд холбогдох тэмдэглэлийг хийж, хэргийг эмхэтгэн Ерөнхий шүүгчийн туслахад хүлээлгэн өгнө.

3.4.3. Хэргийг харъяалах шүүхэд нь шилжүүлэх талаар тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн албан бичигт энэ журмын 3.2.6-д заасан зүйлүүдийг дурдана.

Дөрөв. Шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа

4.1. Яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтийн хуулбарыг гардуулах

4.1.1.Шүүгчийн туслах яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай захирамжинд дурдсан хугацаанд яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтийн хуулбарыг шүүгдэгчид гардуулан өгч, энэ тухай баримт /бар.¹10/ үйлдэнэ.

4.1.2. Шүүгдэгч цагдан хоригдож байгаа бол яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтийн хуулбарыг шүүгчийн туслах шүүхийн хуягт хүлээлгэн өгч, энэ тухай бүртгэлд / бүр.¹7/ тэмдэглүүлнэ. Шүүхийн хуяг цагдан хоригдож байгаа шүүгдэгчид яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтийн хуулбарыг гардуулан өгсөн баримтыг /бар.¹10/ шүүгчийн туслахад хүлээлгэн өгч, энэ тухай бүртгэлд /бүр.¹7/ тэмдэглэнэ.

4.1.3. Шүүгдэгч монгол хэл мэдэхгүй бол яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтийн хуулбарыг түүний эх хэл буюу мэддэг хэл дээр орчуулан гардуулж өгнө. Орчуулгыг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар тусгай зөвшөөрөл олгогдсон иргэн, эсхүл хуулийн этгээдээр хийлгэнэ.

4.2. Товыг оролцогчдод мэдэгдэх

4.2.1. Шүүх хуралдааныг товлон зарласны дараа шүүгчийн туслах шүүх хуралдаан болохоос 7-оос доошгүй хоногийн өмнө хэргийн оролцогчдод энэ тухай мэдэгдэж баримтыг /бар.¹17/ хэрэгт хавсаргана.

4.2.2. Шүүгчийн туслах шүүх хуралдаанд оролцох шүүх бүрэлдэхүүн болон гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хуралдааны товыг 7-оос доошгүй хоногийн өмнө мэдэгдэж, энэ тухай баримтыг /бар.¹17/ хэрэгт хавсаргана.

4.2.3. Шүүгчийн туслах шүүх хуралдааны зарыг шүүхийн мэдээлэл, лавлагааны албанд мэдэгдэж, “Шүүхийн мэдээллийн самбар”-т болон цахим сүлжээнд тухайн өдөрт нь байрлуулна.

4.3.Шүүх хуралдаанд дуудах

4.3.1. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамжинд заасан оролцогчийг шүүх хуралдаанд дуудан ирүүлэх, шүүх хуралдаанд бэлтгэх бусад арга хэмжээг шүүгчийн туслах гүйцэтгэнэ.

4.3.2. Шүүгчийн туслах энэ журмын 4.3.1-д заасан оролцогчийг телефон утас /бар.¹13/ болон зарлан дуудах хуудсаар /бар.¹12/ дуудан ирүүлнэ.

4.3.3. Шүүгчийн туслах зарлан дуудах хуудсыг бичсэн өдөрт нь шүүхийн бичиг хүргэгчид хүлээлгэн өгч, энэ тухай бүртгэлд /бүр.¹24/ тэмдэглүүлнэ. Бичиг хүргэгч зарлан дуудах хуудсыг хүлээлгэн өгсөн баримтыг /бар.¹12/ шүүгчийн туслахад хүлээлгэн өгч, энэ тухай бүртгэлд /бүр.¹24/ тэмдэглэнэ.

4.3.4. Цагдан хоригдож байгаа шүүгдэгчийг товлосон хугацаанд шүүх хуралдаанд ирүүлэх тухай дуудлагын бичгийг /бар.¹14/ шүүгч үйлдэх бөгөөд шүүгчийн туслах түүнийг шүүхийн хуягт хүлээлгэн өгч, энэ тухай бүртгэлд /бүр.¹7/ тэмдэглүүлнэ. Шүүхийн хуяг дуудлагын бичгийг Шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүлээлгэн өгсөн тухай шүүгчийн туслахад мэдэгдэж, энэ тухай бүртгэлд /бүр.¹7/ тэмдэглэнэ.

4.3.5. Шүүхээс мэдэгдсэн болон зарлан дуудах хуудас хүлээн аваад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй хэргийн оролцогч, гэрч, шинжээчийг албадан ирүүлэх тухай шүүгч захирамж гаргана. Уг захирамжийг шүүгчийн туслах шүүхийн хуягт хүлээлгэн өгч, энэ тухай бүртгэлд /бүр.¹7/ тэмдэглүүлнэ. Шүүхийн хуяг шүүгчийн захирамжинд дурдсан хугацаанд тухайн этгээдийг албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэх бөгөөд гүйцэтгэлийн талаар бүртгэлд /бүр.¹7/ тэмдэглэнэ.

4.4. Шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол гаргах

4.4.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэгдэж байгаа бүхий л асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана.

4.4.2. Тухайн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхтэй эсэхийг тэдгээрт заавал тусгана.

4.4.3. Шүүгчийн туслах шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол бүрийн талаар хэргийн оролцогчдод энэ журамд заасны дагуу тухай бүрд мэдэгдэх буюу гардуулж, энэ тухай баримтыг /бар.¹16/ хэрэгт хавсаргана.

4.4.4. Шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд ЭБШХуулийн 113 дугаар зүйлд зааснаар гомдол гаргасан тохиолдолд шүүх мөн зүйлд заасан журмын дагуу хянан шийдвэрлэнэ.

Тав. Шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа

5.1. Шүүх хуралдаан

5.1.1. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэнэ.

5.1.2. Шүүх хуралдааныг зориулалтын танхимд хийнэ.

5.1.3.Шүүх хуралдааныг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч эсхүл түүний томилсон шүүгч даргална.

5.1.4. Шүүх хуралдааныг ЭБШХуулийн 234-382 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулна.

5.1.5. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдаан эхлэхээс өмнө хуралдаанд оролцогчдын ирцийг бүртгэж итгэмжлэл, өмгөөлөгчдийн үнэмлэх зэрэг холбогдох баримт бичгийг шалгасан байна. Шүүх хуралдааныг хаалттай явуулахаар шүүгч тогтоосон бол хэргийн оролцогч биш хүмүүсийг хуралдааны танхимаас гаргана.

5.1.6. Шүүх хуралдааны танхимд шүүх бүрэлдэхүүн орж ирэхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга оролцогч нарыг суудлаас босгох бөгөөд шүүх бүрэлдэхүүнд оролцогч нарын ирцийг танилцуулна.

5.2. Тэмдэглэл хөтлөх

5.2.1. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хуралдааны тэмдэглэлийг бүртгэлийн программ дээр шууд бичиж, энэ программаас шийтгэх /цагаатгах/ тогтоол, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолын дугаарыг авна.

5.2.2. Тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах бүртгэлийн программ дээрх шийтгэх /цагаатгах/ тогтоол, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолын дугаарыг үндэслэн тухайн өдөрт нь бичмэл бүртгэл /бүр. ¹3, бүр.¹4, бүр.¹5/ хөтөлнө.

5.2.3. Хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ЭБШХуулийн 253 дугаар зүйлд заасан журмын дагуу бичиж, баталгаажуулна.

5.2.4. Тэмдэглэлийн хуудас бүр дээр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

5.2.5. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэлийг хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор бэлэн болгож, шүүх хуралдаан даргалагчид танилцуулж гарын үсэг зуруулна.

5.2.6. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэлтэй танилцахыг хүссэн хэргийн оролцогчид тэмдэглэлийг танилцуулах бөгөөд энэ тухайн тэмдэглэлд тусгаж, гарын үсэг зуруулна. Тэмдэглэлд засвар оруулах санал гаргасан тохиолдолд ЭБШХуулийн 253 дугаар зүйлийн 253.7-д заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

5.2.7. Шүүх хуралдаанд оролцож буй гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид эрх, үүргийг тайлбарлан өгсөн талаар шүүх хуралдааны тэмдэглэлд зааж, энэ тухай баримтыг /бар.¹15/ хэрэгт хавсаргана.

5.3. Иргэдийн төлөөлөгч дүгнэлт гаргах

5.3.1. Шүүх хуралдаанд оролцож буй иргэдийн төлөөлөгч дүгнэлтээ бичгээр гаргах бөгөөд түүнийг хэрэгт заавал хавсаргана.

5.3.2. Иргэдийн төлөөлөгчид санал зөрсөн тохиолдолд саналаа тус тусдаа гаргаж болно.

5.4. Шүүхийн тогтоолыг бүртгэлийн программд оруулах

5.4.1. ЭБШХуулийн 283, 286, 290 дугаар зүйлд заасны дагуу шүүх шийтгэх /цагаатгах/ тогтоол гаргасан тохиолдолд шүүгчийн туслах бүртгэлийн программд тухайн хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх товч мэдээллийг тогтоол гарсан өдөрт нь оруулна.

5.4.2. Шүүгчийн туслах тогтоол ёсчлогдсон өдөр түүнийг бүрэн эхээр нь бүртгэлийн программд оруулна.

5.4.3. Шүүгчийн туслах бүртгэлийн программд хэргийн талаарх бүхий л мэдээллийг бүрэн, зөв, хугацаанд нь оруулсан эсэхийг шүүгч хянана.

5.4.4. Бүртгэлийн программын найдвартай, аюулгүй ажиллагааг тухайн шүүхийн тамгын хэлтэс, албаны дарга хариуцах бөгөөд гэмтэл гарсан тохиолдолд нэн даруй Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс тогтоосон журмын дагуу засварлах ажлыг зохион байгуулна.

Зургаа. Хэргийг анхан шатны журмаар хянан

шийдвэрлэсний дараах ажиллагаа

6.1. Тогтоолыг гардуулах

6.1.1. Шийтгэх болон цагаатгах тогтоолыг хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр, бичгээр үйлдэж прокурор, өмгөөлөгч, шийтгүүлсэн буюу цагаатгагдсан этгээд, хохирогчид шүүгчийн туслах гардуулан өгч, баримт /бар.¹18/ үйлдэнэ.

6.1.2. Шийтгэгдсэн буюу цагаатгагдсан этгээд, хохирогч монгол хэл мэдэхгүй бол тогтоолыг уг этгээдийн эх хэл буюу мэддэг хэл дээр энэ журмын 4.1.3-т заасны дагуу орчуулж өгнө.

6.1.3.Шүүгчийн туслах тогтоолыг хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгчид тогтоолыг танилцуулж, энэ тухай баримт /бар.¹18/ үйлдэнэ.

6.1.4. Цагдан хоригдож байгаа ялтны хувьд тогтоолыг шүүгчийн туслах шүүхийн хуягт хүлээлгэн өгч энэ тухай бүртгэлд /бүр.¹7/ тэмдэглүүлнэ. Шүүхийн хуяг тогтоолыг гардуулж өгсөн баримтыг /бар.¹18/ шүүгчийн туслахад хүлээлгэн өгч, энэ тухай бүртгэлд /бүр.¹7/ тэмдэглэнэ.

6.1.5. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан, хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг боловсруулж, ёсчлох, бүртгэх хэргийн оролцогчид гардуулахад энэ журмын 5.4.1-5.4.4, 6.1.1-6.1.4-т заасныг баримтлана.

6.2. Хэргийг эмхэтгэх

6.2.1. Шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчдод гардуулснаас хойш 7 хоногийн дотор шүүгчийн туслах холбогдох баримтыг бүрэн оруулж, хэргийг эмхэтгэн, хуудас бүрийг дугаарлаж, шүүгчид танилцуулах бөгөөд энэ тухай баримтыг /бар. ¹20/ хэрэгт хавсаргана.

6.2.2. Хэрэгт хавсаргасан нотлох баримтуудыг дарааллаар нь, давхардуулахгүйгээр эмхэтгэнэ.

6.2.3. Хэргийг бүрэн эмхэтгэсний дараа давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацаа дуустал шүүгчийн туслах өөр дээрээ хадгална.

6.2.4. Шүүгчийн туслах хэрэгт хавсаргах эд мөрийн болон бичмэл бус нотлох баримтуудыг /диск, дуу болон дүрс бичлэгийн хуурцаг г.м./ хэрэг эмхэтгэсэн тухай баримтад /бар. ¹20/ ширхэг, төрлөөр нь тодорхой зааж, зориулалтын уут, хайрцагт хадгална.

6.2.5. Энэ журмын 6.2.4.-т заасан ажиллагаа хэргийг давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хүргүүлэх, түүнчлэн архивт хүлээлгэн өгөхөд нэгэн адил хамаарна.

6.3. Гомдол, эсэргүүцэл хүлээн авах

6.3.1. Давж заалдах болон хяналтын журмаар гаргах гомдлын хэлбэр, агуулга болон холбогдох бусад мэдээллийг анхан шатны шүүх бүр “Шүүхийн мэдээллийн самбар”-т байрлуулна.

6.3.2. Анхан шатны шүүхийн шийтгэх болон цагаатгах тогтоол буюу хуульд гомдол гаргахаар заасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдол, улсын яллагчаас бичсэн эсэргүүцлийг тухайн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах хүлээн авах бөгөөд дараах шаардлагуудыг хангасан эсэхийг шалгана.

а/ Гомдол, эсэргүүцэл гаргагч нь ЭБШХуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд мөн эсэх, хэрэв төлөөлөгч, өмгөөлөгчөө сольсон бол итгэмжлэлтэй эсэх;

б/ Гомдол, эсэргүүцэл гаргах хугацаа хэтэрсэн эсэх, хэрэв хугацаа хэтэрсэн бол хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт, түүнд хавсаргасан баримт нь шаардлага хангасан эсэх;

6.3.3. Энэ журмын 6.3.2.-т заасан шаардлагуудыг хангасан гомдол, эсэргүүцлийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах дардас дарж, хүлээн авсан огноо, цаг, минут, хавсаргасан баримтын хуудасны тоог баталгаажуулах бөгөөд бүртгэлийн программд энэ тухай мэдээллийг оруулж, холбогдох бүртгэлийг /бүр.¹2/ хөтөлнө.

6.3.4. Гомдол, эсэргүүцлийг хүлээн авсан өдөрт нь тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, эсхүл түүний туслахад шилжүүлнэ.

6.4. Гомдол, эсэргүүцэл гаргах хугацааг сэргээх тухай хүсэлтийг шийдвэрлэх

6.4.1. Гомдол, эсэргүүцэл гаргах хугацааг сэргээх тухай хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийн хамт тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах хүлээн авч, дардас дарж, ирсэн огноо, цаг, минутыг баталгаажуулж, тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгчид өдөрт нь шилжүүлнэ.

6.4.2. Энэ журмын 6.4.1.-д заасан хүсэлтийг шүүгч 3 хоногийн дотор шийдвэрлэж, шүүгчийн захирамж гаргана.

6.4.3. Шүүгчийн туслах уг захирамжийн талаар хүсэлт гаргагчид 1 хоногийн дотор мэдэгдэж, баримт /бар.¹16/ үйлдэнэ.

6.4.4. Хүсэлтийг хангасан шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болмогц давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдол, эсэргүүцэлтэй хэргийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах дээд шатны шүүхэд хүргүүлж, энэ тухай бүртгэл /бүр.¹6/ хөтөлнө.

6.4.5. Хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болмогц гомдол, эсэргүүцэл, түүнд хавсаргасан баримтыг шүүгчийн туслах хүсэлт гаргагчид албан бичгээр буцаана.

6.5. Гомдол, эсэргүүцлийг хэргийн оролцогчдод танилцуулах

6.5.1. Шүүгчийн туслах давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийг хүлээн авсан өдөртөө тухайн хэргийн бусад оролцогчдод гомдол, эсэргүүцлийн талаар телефон утас /бар.¹13/ болон зарлан дуудах хуудсаар /бар.¹12./ мэдэгдэж, тайлбар өгөх болон шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргах эрхтэйг тайлбарлаж, гомдол, эсэргүүцлийг танилцуулсан тухай баримтыг /бар.¹22/ хэрэгт хавсаргана.

6.5.2. Шүүгчийн туслах гомдол, эсэргүүцэл, түүнд хавсаргасан баримт, хэргийн бусад оролцогчоос ирүүлсэн тайлбарыг хэрэгт хавсарган, тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн туслахад хүлээлгэн өгнө.

6.5.3. Хэрэг хүргүүлэх талаарх тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн албан бичигт ялтны нэр, шүүхийн шийтгэх болон цагаатгах тогтоол, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолын огноо, дугаар, хэргийн хавтас, хуудасны тоо, эд мөрийн баримт зэргийг тодорхой дурдана.

6.6. Хэргийг давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хүргүүлэх

6.6.1. Гомдол, эсэргүүцлийг хүлээн авсан өдрөөс хойш Нийслэлд 3 хоногийн дотор давж заалдах болон хяналтын шатны шүүхэд, орон нутагт 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд, 10 хоногийн дотор Улсын дээд шүүхэд тус тус хүргүүлнэ.

6.6.2. Хэргийг хүргүүлсний дараа ирүүлсэн тайлбарыг шүүхэд хүлээн авсан огноо, цаг, минутыг баталгаажуулан дардас дарж, тухайн өдөрт нь албан бичгээр харъяалах шүүхэд хүргүүлнэ.

6.6.3. Гомдол, эсэргүүцэл гаргасныг мэдсэн хэргийн оролцогч тайлбар ирүүлээгүй нь хэрэг хүргүүлэх хугацааг хэтрүүлэх үндэслэл болохгүй.

6.6.4. Хэргийг давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хүргүүлэхдээ гомдол, эсэргүүцэл, түүнд хавсаргасан баримт, тайлбар, түүнчлэн хэрэг хүргүүлсэн албан бичгийг хэрэгт үдэж, хуудас бүрийг дугаарласан байна.

6.7. Хянагдсан хэргийг хүлээн авах

6.7.1. Давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хянаад буцаасан хэргийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах хүлээн авч, дардас дарж, хэрэг ирсэн огноо, цаг, минутыг баталгаажуулж, бүртгэл /бүр. ¹6/ хөтөлнө.

6.7.2. Дээд шатны шүүхээс хянаад буцаасан хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүнд болон Ерөнхий шүүгчид заавал танилцуулна.

6.8. Магадлал, тогтоолыг гардуулах

6.8.1. Давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэрэг ирсэн өдрөөс хойш 3 хоногийн дотор шүүгчийн туслах магадлал, тогтоолыг гардаж аваагүй хэргийн оролцогчдод түүнийг гардуулах буюу хүргүүлж, энэ тухай баримтыг /бар.¹23/ хэрэгт хавсаргана.

6.9. Анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан хэргийг хуваарилах

6.9.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан тохиолдолд энэ журмын 2.2.1., 2.2.2-т заасны дагуу хэргийг хуваарилан, шүүгчид өдөрт нь хүлээлгэн өгч, бүртгэл /бүр. ¹1/ хөтөлнө.

6.10. Хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлэх

6.10.1. Давж заалдах болон хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаагүй бөгөөд уг хугацаа дууссан, түүнчлэн дээд шатны шүүхээс гомдол, эсэргүүцлийг хянаж, магадлал, тогтоол гаргасан тохиолдолд баривчлах, хорих ялаар шийтгүүлж, цагдан хоригдож байгаа ялтны тогтоолыг зурагтай анкетийн хамт шүүгчийн туслах дээрх хугацаа дууссан болон хэрэг дээд шатны шүүхээс ирснээс хойш 3 хоногийн дотор шүүхийн хуягт хүлээлгэн өгч, энэ тухай бүртгэлд /бүр.¹7/ тэмдэглүүлнэ. Шүүхийн хуяг тогтоолыг зурагтай анкетийн хамт хүлээн авснаас хойш 2 хоногийн дотор цагдан хорих төв эсхүл урьдчилан хорих байрны захиргаанд хүлээлгэн өгч, энэ тухай бүртгэлд /бүр.¹7/ тэмдэглэнэ.

6.10.2. Шүүхийн тогтоолыг хүчин төгөлдөр болсноос хойш 3 хоногийн дотор шүүгчийн туслах баривчлах, хорих ял шийтгүүлсэн бөгөөд гадуур байгаа ялтныг шийтгэх тогтоол, зурагтай анкетийн хамт шүүхийн хуягт хүлээлгэн өгч, энэ тухай бүртгэлд /бүр.¹7/ тэмдэглүүлнэ. Шүүхийн хуяг ялтныг холбогдох баримт бичгийн хамт тухайн өдөрт нь цагдан хорих төв, эсхүл урьдчилан хорих байрны захиргаанд хүлээлгэн өгч, баримт /бар.¹19/ үйлдэж, уг баримтыг шүүгчийн туслахад хүлээлгэн өгнө.

6.10.3. Торгох, эд хөрөнгө хураах, албадан ажил хийлгэх ял шийтгэсэн тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 хоногийн дотор шүүгчийн туслах ялтныг шийтгэх тогтоол, гүйцэтгэх хуудас, зурагтай анкетийн хамт шүүхийн хуягт хүлээлгэн өгч, энэ тухай бүртгэлд /бүр.¹7/ тэмдэглүүлнэ. Шүүхийн хуяг ялтныг холбогдох баримт бичгийн хамт тухайн өдөрт нь Шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүлээлгэн өгч, энэ тухай баримт /бар.¹21/ үйлдэнэ.

6.10.4. Хорих ялыг тэнссэн, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 хоногийн дотор шүүгчийн туслах ялтныг шийтгэх тогтоол, зурагтай анкетийн хамт шүүхийн хуягт хүлээлгэн өгч, энэ тухай бүртгэлд /бүр.¹8/ тэмдэглүүлнэ. Шүүхийн хуяг ялтныг холбогдох баримт бичгийн хамт тухайн өдөрт нь харъяалах цагдаагийн байгууллагад бүртгэлээр /бүр.¹8/ хүлээлгэн өгнө.

6.10.5. Эрүүгийн хуулийн 66, 69 дүгээр зүйлд заасан эмнэлгийн болон хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулсан этгээдийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөхдөө энэ журмын 6.10.4.-т заасныг баримтлана.

6.10.6. Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял шийтгэсэн тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 хоногийн дотор шүүгчийн туслах шийтгэх тогтоолыг холбогдох байгууллагад нь албан бичгээр хүргүүлж, уг албан бичгийн хувийг хэрэгт хавсарган, энэ тухай бүртгэлд /бүр.¹8/ тэмдэгдүүлнэ.

6.10.7. Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх болон иргэний нэхэмжлэлийг хангах арга хэмжээ авсан, байцаан шийтгэх ажиллагааны зардлыг хуваарилж шийдвэрлэсэн тохиолдолд тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 хоногийн дотор шүүгч гүйцэтгэх хуудас бичиж шүүхийн туслахад хүлээлгэн өгнө.

6.10.8. Шүүгчийн туслах гүйцэтгэх хуудсыг бүртгэлийн программд бүртгэж, холбогдох бүртгэлийг / бүр. ¹10/ хөтөлнө.

6.10.9. Шүүгчийн туслах шийтгэх тогтоол, гүйцэтгэх хуудас болон шаардлагатай бусад баримтыг хавсарган албан бичгээр Шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлнэ.

6.10.10. Шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор эд мөрийн баримтыг хэрхэх талаарх уг тогтоолын заалтыг шүүгчийн туслах биелүүлж, энэ тухай баримтыг хэрэгт хавсаргана.

6.10.11. Барьцаалсан эд хөрөнгө болон эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөхөөр хүлээлгэн өгсөн бэлэн мөнгөтэй холбоотой асуудлаар гарсан тогтоолын заалтыг энэ журмын 6.10.10.-т заасны дагуу биелүүлнэ.

6.10.12. Шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 14 хоногийн дотор шүүгчийн туслах ял шийтгэлийн тэмдэглэлийг бүрэн хөтөлж, шүүгчид танилцуулан гарын үсэг зуруулж, холбогдох бүртгэл / бүр.¹9/ хөтлөн, Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, судалгааны төвд албан бичгээр хүргүүлнэ.

6.11. Хэргийг архивт шилжүүлэх

6.11.1. Анхан шатны шүүхийн шийтгэх болон цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолд хуульд заасан гомдол гаргах хугацаа өнгөрсөн тохиолдолд шүүгчийн туслах хэргийг өөр дээрээ хадгалж байгаад дараа оны 1 дүгээр сард багтаан архивт шилжүүлж, бүртгэл /бүр.¹28/ хөтөлнө.

Долоо. Давж заалдах шатны шүүхийн ажиллагаа

7.1. Давж заалдах шатны шүүхэд хэрэг хүлээн авах

7.1.1. Анхан шатны шүүхээс давж заалдах журмаар хянуулахаар ирүүлсэн хэргүүдийг давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах хүлээн авч, холбогдох бүртгэл /бүр.¹11/ хөтлөн, хэрэг ирсэн огноо, цаг минутыг баталгаажуулан дардас дарна.

7.2. Шүүгчид хэрэг хуваарилах

7.2.1. Тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах хэргийг хүлээн авснаас хойш 1 хоногийн дотор Ерөнхий шүүгчид танилцуулж, хуваарилуулна. Хэргийг хуваарилахдаа Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6, ЭБШХуулийн 50 дугаар зүйлд тус тус заасан нөхцөл байдал байгаа эсэхийг шалгана.

7.2.2. Хэргийг хүлээн авсны дараа Ерөнхий шүүгчийн туслах тухайн хэргийн индексээр бүртгэлийн программд орж, хэргийг давж заалдах шатны шүүх хүлээж авсан талаарх мэдээллийг бүрэн, зөв оруулна.

7.2.3. Хэргийг хуваарилагдсан шүүгчид шилжүүлэхдээ хэргийн хавтас, хуудасны тоо, хавсарган ирүүлсэн эд мөрийн баримт, бусад зүйлсийг хүлээлгэн өгч, энэ тухай бүртгэл /бүр.¹ 11/ хөтөлнө.

7.2.4. Хэргийг хүлээн авсан шүүгч 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүх хуралдаанд илтгэнэ. Энэ хугацаанд хэргийг хянан хэлэлцэх боломжгүй бол тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно.

7.2.5. Шүүгч хүлээн авсан хэргийг дур мэдэн бусад шүүгчид шилжүүлэх, хэргийг хоорондоо сольж болохгүй бөгөөд ЭБШХуулийн 49, 50 дугаар зүйлд тус тус заасан татгалзан гарах үндэслэл тогтоогдвол Ерөнхий шүүгчид энэ тухай танилцуулж, түүний туслахад хэргийг буцааж өгнө.

7.3. Шүүх хуралдааны бэлтгэл хангах

7.3.1. Хэрэг хүлээн авсан шүүгчийн туслах тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай бүхий л зүйлээр шүүгчид тусална.

7.3.2. Шүүх хуралдаанд хэргийн талаар илтгэх магадлалын төслийг хэргийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор шүүгчийн туслах бэлтгэн, шүүгчид хэргийн хамт танилцуулж, холбогдох хууль тогтоомжийг түүвэрлэн өгнө.

7.3.3. Шүүгчийн туслах шийтгэх болон цагаатгах тогтоол, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг шүүх бүрэлдэхүүний тоогоор олшруулж, шүүх хуралдааныг зохион байгуулах шүүгчийн туслахад хуралдааныг зарлахаас 3 хоногийн өмнө өгнө.

7.3.4. Хэргийн оролцогчид шүүх хуралдаанд оролцож байгаа бол шүүгчийн туслах тэмдэглэл хөтлөх бөгөөд хуралдаан дууссанаас хойш 3 хоногийн дотор хуралдааны тэмдэглэлийг бэлэн болгож ёсчлуулан, хэрэгт хавсаргана.

7.4. Давж заалдах гомдлоос татгалзах, эсэргүүцлийг буцаан авах

7.4.1. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан этгээд давж заалдах шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө өөрийн гомдол, эсэргүүцлийг, түүнчлэн дээд шатны прокурор нь доод шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг буцаан авсан тохиолдолд шүүгчийн туслах энэ талаар хэргийн бусад оролцогчдод мэдэгдэн, тэдгээрээс гаргасан хүсэлтийг хавсарган хэргийг анхан шатны шүүхэд албан бичгээр хүргүүлнэ.

7.5.Шүүх хуралдааны зарыг мэдэгдэх

7.5.1. Шүүх хуралдааны зарыг шүүх хуралдаан зохион байгуулах шүүгчийн туслах хуралдаан болохоос 7 хоногийн өмнө гаргаж шүүхийн мэдээлэл, лавлагааны албанд мэдэгдэж, “Шүүхийн мэдээлэлийн самбар”-т болон цахим сүлжээнд байрлуулна.

7.5.2. Шүүгчийн туслах давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохоор хүсэлт гаргасан хэргийн оролцогчдод шүүх хуралдааны зар гармагц хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэж, энэ тухай баримтыг /бар.¹17/ үйлдэнэ.

7.6. Шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааныг явуулах

7.6.1. Давж заалдах журмаар хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх бөгөөд шүүх хуралдааныг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч, эсхүл түүний томилсон шүүгч даргалан явуулна.

7.7. Давж заалдах шатны шүүхийн магадлал, түүнийг гардуулах, хүргүүлэх

7.7.1. Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх магадлал гаргана.

7.7.2.Хэргийг илтгэсэн шүүгч шүүх хуралдаан дууссанаас хойш 7 хоногийн дотор магадлалын төслийг бэлэн болгож, ёсчлуулна.

7.7.3. Магадлалыг ёсчлогдсоноос хойш 7 хоногийн дотор шүүгчийн туслах хэргийн оролцогчдод гардуулан өгөх буюу хүргүүлж, энэ тухай баримтыг /бар.¹23/ үйлдэнэ.

7.7.4. Баривчлах, хорих, цаазаар авах ял шийтгэсэн анхан шатны шүүхийн тогтоолд давж заалдах шатны шүүх хуралдаанаас өөрчлөлт оруулсан бол энэ тухай “Мэдэгдэх хуудас”-ыг хэргийг илтгэсэн шүүгч 7 хоногийн дотор бичиж, түүний туслах Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, судалгааны төв болон Шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, “Мэдэгдэх хуудас”-ны хувийг хэрэгт хавсаргана.

7.8. Хэргийг анхан шатны шүүхэд буцаах

7.8.1. Шүүгчийн туслах давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэргийн оролцогчдод гардуулан өгсөн буюу хүргүүлснээс хойш 3 хоногийн дотор хэргийг эмхэтгэн, хэрэг хянан шийдвэрлэсэн тухай мэдээллийг бүртгэлийн программд бүрэн, зөв оруулж, хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлнэ.

7.8.2. Хэрэг хүргүүлэх тухай албан бичигт ялтны нэр, шийтгэх болон цагаатгах тогтоол, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолын огноо, дугаар, хэргийн хавтас, хуудасны тоо, эд мөрийн баримт, хавсаргасан зүйлс /диск, хуурцаг г.м./ зэргийг дурдана.

Найм. Хяналтын шатны шүүхийн ажиллагаа

8.1. Хяналтын шатны шүүхэд хэрэг хүлээн авах

8.1.1. Хяналтын журмаар гаргасан гомдол, эсэргүүцэлтэй болон шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийтгэх болон цагаатгах тогтоол, магадлалыг хянуулахыг хүссэн хэргийг Улсын дээд шүүхийн бичиг хэрэг, өргөдөл, гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагч хүлээн авч, хэрэг Улсын дээд шүүхэд ирсэн огноо, цаг, минутыг баталгаажуулан дардас дарж, Эрүүгийн хэргийн Танхимын тэргүүний туслахад бүртгэлээр /бүр. ¹15/ шилжүүлнэ.

8.1.2. Эрүүгийн хэргийн Танхимын тэргүүний туслах хэргийг хүлээн авч, танхимын дардас дарж хэрэг ирсэн огноо, цаг, минутыг баталгаажуулна. Мөн тэрээр хэргийг хуульд заасан журмын дагуу ирүүлсэн эсэхийг шалган, хуульд заасан журмыг зөрчиж ирүүлсэн бол энэ тухай Танхимын тэргүүнд танилцуулна.

8.1.3. Хэргийг анхан шатны шүүхэд буцаах эсэх асуудлыг Танхимын тэргүүний захирамжаар шийдвэрлэнэ.

8.1.4. Хэргийг хүлээн авсны дараа Танхимын тэргүүний туслах тухайн хэргийн индексээр бүртгэлийн программд орж, хэргийг хяналтын шатны шүүх хүлээж авсан талаарх мэдээллийг бүрэн, зөв оруулна.

8.2.Хэргийг шүүгчид хуваарилах

8.2.1. Эрүүгийн хэргийн Танхимын тэргүүний туслах хэргийг Улсын дээд шүүх хүлээн авсан огноо, цаг, минутыг үндэслэн, хяналтын шатны эрүүгийн хэргийн бүртгэл /бүр.¹16/ болон бүртгэлийн программд бүртгэж, хэргийг Танхимын тэргүүнээр хуваарилуулж, бүртгэл /бүр.¹16/ хөтлөнө. Хэргийг хуваарилахдаа Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6, ЭБШХуулийн 50 дугаар зүйлд тус тус заасан нөхцөл байдал байгаа эсэхийг шалгана.

8.2.2. Хэргийг хуваарилагдсан шүүгчид шилжүүлэхдээ хэргийн хавтас, хуудасны тоо, хавсарган ирүүлсэн эд мөрийн баримт бусад зүйлсийг нэг бүрчлэн хүлээлгэн өгч, энэ тухай бүртгэлд /бүр.¹16/ тэмдэглэнэ.

8.2.3. Шүүгч хүлээж авсан хэргийг дур мэдэн бусад шүүгчид шилжүүлэх, хэргийг хоорондоо сольж болохгүй бөгөөд ЭБШХуулийн 49, 50 дугаар зүйлд тус тус заасан татгалзан гарах үндэслэл тогтоогдвол Танхимын тэргүүнд энэ тухай танилцуулан, түүний туслахад хэргийг буцаан өгнө.

8.2.4. Шүүгч татгалзан гарсан хэргийг энэ журмын 8.2.1-д заасны дагуу өөр шүүгчид хуваарилна.

8.3.Хэрэг хянан шийдвэрлэх хугацаа

8.3.1.Хэргийг хүлээн авсан шүүгч 30 хоногийн дотор хяналтын шатны шүүх хуралдаанд илтгэнэ. Энэ хугацаанд хэргийг хянан хэлэлцэх боломжгүй бол Танхимын тэргүүний захирамжаар хугацааг 14 хүртэл хоногоор сунгаж болно.

8.4. Шүүх хуралдааны бэлтгэл хангах

8.4.1.Хяналтын шатны шүүх хуралдааны зохион байгуулалтыг танхимын шүүгчийн туслахууд 7 хоногоор ээлжлэн хариуцах бөгөөд шүүх хуралдааны зарыг энэ журмын 7.5.1-д заасны дагуу нийтэд мэдэгдэнэ. Хэргийн оролцогчид хяналтын шатны шүүх хуралдаанд оролцохыг хүсвэл шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг тэдгээрт мэдэгдэж, энэ тухай баримтыг /бар.¹17/ үйлдэнэ.

8.4.2. Шүүгчийн туслах хэргийн талаар илтгэх тогтоолын төслийг хэргийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор бэлтгэн, шүүгчид хэргийн хамт танилцуулж, холбогдох хууль тогтоомжийг түүвэрлэн өгнө.

8.4.3. Шүүгчийн туслах шийтгэх болон цагаатгах тогтоол, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, магадлалыг шүүх бүрэлдэхүүний тоогоор олшруулж, шүүх хуралдааныг зохион байгуулах шүүгчийн туслахад хуралдааныг зарлахаас 3 хоногийн өмнө өгнө.

8.4.4.Тухайн 7 хоногийн шүүх хуралдааныг зохион байгуулж байгаа шүүгчийн туслах хэргийн оролцогчид шүүх хуралдаанд оролцож байгаа бол тэмдэглэл хөтлөх бөгөөд хуралдаан дууссанаас хойш 3 хоногийн дотор хуралдааны тэмдэглэлийг бэлэн болгож ёсчлуулж, хэрэгт хавсаргана.

8.5. Шүүх бүрэлдэхүүн томилох

8.5.1.Шүүх хуралдаан зохион байгуулах шүүгчийн туслах шүүх бүрэлдэхүүнд оролцох шүүгчийг томилох тухай Ерөнхий шүүгчийн захирамжийн төслийг бэлтгэн, ёсчлуулж, тухайн хэрэгт хавсаргана.

8.6.Хяналтын шатны шүүх хуралдаан

8.6.1. Хяналтын журмаар хэргийг Улсын дээд шүүхийн 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ.

8.7. Шүүхийн тогтоол

8.7.1. Хяналтын журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх тогтоол гаргана. Хэргийг илтгэсэн шүүгч шүүх хуралдаан дууссанаас хойш 7 хоногийн дотор тогтоолын төслийг бэлэн болгож, ёсчлуулна.

8.7.2. Тогтоолыг ёсчлогдсоноос хойш 7 хоногийн дотор шүүгчийн туслах тогтоолыг хэргийн оролцогчдод гардуулан өгөх буюу хүргүүлж, энэ тухай баримтыг /бар.¹23/ үйлдэнэ.

8.7.3. Баривчлах, хорих, цаазаар авах ял шийтгэсэн анхан шатны шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын шатны шүүх хуралдаанаас өөрчлөлт оруулсан бол энэ тухай “Мэдэгдэх хуудас”-ыг хэргийг илтгэсэн шүүгч 7 хоногийн дотор бичиж, түүний туслах Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, судалгааны төв болон Шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, “Мэдэгдэх хуудас”-ны хувийг хэрэгт хавсаргана.

8.7.4. Шүүгчийн туслах хяналтын шатны шүүхийн тогтоолыг хэргийн оролцогчдод гардуулан өгсөн буюу хүргүүлсний дараа 3 хоногийн дотор хэргийг эмхэтгэн, хэрэг хянан шийдвэрлэсэн тухай мэдээллийг бүртгэлийн программд бүрэн, зөв оруулна.

8.7.5. Шүүгчийн туслах хэргийг Танхимын тэргүүний туслахад бүртгэлээр /бүр.¹16/ хүлээлгэн өгнө.

8.8. Хэргийг анхан шатны шүүхэд буцаах

8.8.1.Танхимын тэргүүний туслах хэргийг шүүгчийн туслахаас хүлээн авч, бүртгэлийн программ дахь хаалтыг шалган, хяналтын шатны эрүүгийн хэргийн бүртгэлд /бүр.¹16/ бүртгэн, анхан шатны шүүхэд хүргүүлэхээр Улсын дээд шүүхийн бичиг хэрэг, өргөдөл, гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагчид бүртгэлээр /бүр.¹15/ хүлээлгэн өгнө.

8.8.2. Шүүгчийн туслах хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх хүртэлх хугацаанд хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг хэргийн оролцогчид гардуулж, энэ тухай баримтыг /бар.¹23/ хэрэгт хавсаргана.

8.8.3. Энэ журмын 8.8.2.-т заасан хугацаанд хэргийн оролцогчид тогтоолоо гардаж аваагүй бол тогтоолын хувийг шаардагдах тоогоор хэрэгт хавсарган анхан шатны шүүхэд хүргүүлнэ.

8.8.4. Хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлж байгаа тохиолдолд энэ журмын 8.8.3. дахь заалт нэгэн адил хамаарна.

Ес. Улсын дээд шүүхэд гомдол гаргасны дараах ажиллагаа

9.1. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандаж гомдол гаргах

9.1.1. Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолд гомдол гаргасан тохиолдолд хэргийг Улсын дээд шүүхийн бичиг хэрэг, өргөдөл, гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагч хүлээн авч, Эрүүгийн хэргийн Танхимын тэргүүний туслахад бүртгэлээр /бүр.¹15/ хүлээлгэн өгнө.

9.1.2. Танхимын тэргүүний туслах хэргийг хүлээн авч, дардас дарж, хэрэг ирсэн огноо, цаг, минутыг баталгаажуулж, хяналтын шатны эрүүгийн хэргийн бүртгэлийн программд бүртгэн Ерөнхий шүүгчийн ажлын албаны даргад бүртгэлээр /бүр.¹16/ хүлээлгэн өгнө. Хэрэв хуульд заасан журмыг зөрчиж хэргийг ирүүлсэн бол буцаах эсэх асуудлыг Танхимын тэргүүний захирамжаар шийдвэрлэнэ.

9.2. Хэрэг хянан шийдвэрлэх

9.2.1. Ерөнхий шүүгч хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянана.

9.2.2. Ерөнхий шүүгч дүгнэлт гаргах үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд энэ тухай түүний хариуг Ерөнхий шүүгчийн ажлын албаны дарга гомдол гаргагчид албан бичгээр мэдэгдэж, хэргийг Эрүүгийн хэргийн Танхимын тэргүүний туслахад бүртгэлээр /бүр.¹16/ хүлээлгэн өгнө.

9.2.3. Ерөнхий шүүгч дүгнэлт гаргасан тохиолдолд хэргийг 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хянан хэлэлцэнэ.

9.2.4. Хэргийг Эрүүгийн хэргийн Танхимын тэргүүн эсхүл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн томилсон шүүгч Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанд илтгэнэ.

9.3. Улсын дээд шүүхийн тогтоол

9.3.1. Улсын дээд шүүхийн хуралдаан Улсын дээд шүүхийн нийт шүүгчдээс бүрдэнэ.

9.3.2. Улсын дээд шүүхийн хуралдаанаас тогтоол гаргах бөгөөд энэ нь эцсийн шийдвэр болно.

9.3.3. Улсын дээд шүүхийн хуралдааны тогтоолыг хэргийг илтгэсэн шүүгч шүүх хуралдаан дууссанаас хойш 7 хоногийн дотор бэлэн болгож ёсчлуулна.

9.3.4. Улсын дээд шүүхийн хуралдааны тэмдэглэлийг нийт шүүгчдийн хуралдааны зохион байгуулалт хариуцсан шинжээч хөтлөх бөгөөд хуралдаан дууссанаас хойш 3 хоногийн дотор бэлэн болгон ёсчлуулж, хэргийг эмхэтгэн Танхимын тэргүүний туслахад бүртгэлээр /бүр.¹16/ хүлээлгэн өгнө.

9.4. Хэргийг анхан шатны шүүхэд буцаах

9.4.1. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хянасан болон Улсын дээд шүүхийн хуралдаанаар хянан шийдвэрлэсэн хэргийг Танхимын тэргүүний туслах хүлээн авч хяналтын шатны эрүүгийн хэргийн бүртгэл /бүр.¹16/ болон бүртгэлийн программд бүртгэн, анхан шатны шүүхэд хүргүүлэхээр Улсын дээд шүүхийн бичиг хэрэг, өргөдөл, гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагчид бүртгэлээр /бүр.¹15/ хүлээлгэн өгнө.

9.4.2. Хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлж байгаа тохиолдолд энэ журмын 9.4.1. дэх заалт нэгэн адил хамаарна.

9.5. Харъяалал тогтоолгохоор ирүүлсэн хэргийг хүлээн авах, харъяалах шүүхэд шилжүүлэх

9.5.1. Харъяалал тогтоолгохоор ирүүлсэн хэргийг Танхимын тэргүүний туслах хүлээн авч бүртгэл /бүр.¹16/ хөтөлж, харъяалал тогтоох тухай Ерөнхий шүүгчийн болон Танхимын тэргүүний захирамж гарсны дараа харъяалах шүүхэд нь хэргийг албан бичгээр хүргүүлнэ.

Арав. Хариуцлага

10.1. Энэ журмыг зөрчсөн шүүгч, ажилтанд холбогдох хууль, тогтоомжид заасан хариуцлагыг хүлээлгэнэ.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 7-р сарын 09, Лхагва гариг, 09:33
 

Тунхаг

Зурган дээр дарж үзнэ үү
Текстээр үзэх бол ЭНД
дарна уу.

Цахим сан

Баннер

Шинээр гарсан дүрэм, журмууд

Баннер

Файл шэйр

Баннер

Сонгон шалгаруулалтын зар

Баннер

Санал асуулга

Та Шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?
 

Цаг хугацаа

Манай зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр295
mod_vvisit_counterӨчигдөр480
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт2231
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт2959
mod_vvisit_counterЭнэ сард10169
mod_vvisit_counterӨнгөрсөн сард15396
mod_vvisit_counterНийт зочдын тоо494692

Хэн онлайн байна: 10
Таны IP хаяг: 54.198.246.116
,
Now: 2017-11-23 16:33